Шёо гацу буюу шинэ жилийн баяр Аливаа улс оронд шинэ жилийн баяр нь нэгэн жилийн амьдрал,ажил үйлс өнгөрч,шинэ оных нь эхлэх, хүний нас нэмэгдэх цаг хугацааны зааг үе байдаг. Япончуудын хувьд ч гэсэн Шёо гацу нь нэг жилийн амьдрал улиран өнгөрөх , дахин нэг шинэ жилийн амьдрал эхлэх үйл явцыг заагладаг цаг тооллын баяр юм. Шёогацу бол засгийн газрын байгуллагууд, хувийн компаниуд, сургууль соёлын газрууд, хувь хүмүүс нийтээрээ ирж буй шинэ оноо угтан золгох баяр ёслолыг тэмдэглэн өнгөрүүлдэг хэдэн өдрийн амралтын цаг үе байдаг билээ.
Японд оны 1-р сар гарахаар Христын нийтийн он тооллын шинэ жил, Японы эзэн хааны он тоолын жил, Манайхны 12 жилээр тоолдог аргын цагаан сар цөм нэгэн зэрэг эхлэн тооллогддог онцлогтой байна. Шинэ жилийн баяраар аливаа айл хунар нь өвөг дээдсээ хүндэтгэн дурсах, тэдний эрт урдын санаа сэтгэл нь эргэж ирж уулзахын төлөө мөргөл гол бэлэгдэл зан үйлтэй байх ёстой ажээ. Эдүгээ цаг үед гагцхүү 1-р сарын эхний хэдхэн хоногт амарч шинэ жилийн баярыг харьцангуй хялбархан тэмдэглэдэг болжээ. Тэгээд 12-р сарын сүүлчээр Японы гэрийн эзэгтэй гэр орон, хашаа хороогоо цэвэрлэн, гэрийнхээ үүдэнд уламжлалт хээгээр дугуйлан чимэглэсэн кадо-мацу хэмээх нарсны навчин цагириг өлгөж тавьдаг бөгөөд тэр нь өвгөд дээдсээ урин залах бэлэгдэл болдог ажээ.
Мөн шинэ жилийн амралтын өдрүүдийнхээ хоол хүнсэнд гол төлөв цагаан будаа, ногоо жимс, загас, далайн амьтан, усны ногоо зэргийг бэлтгэдэг байна. Шинэ жилээр малын мах идэхгүй, гагцхүү тахианы мах болно. Шинэ жилд иддэг хоолыг японоор “о-сэчи-рёочи” гэж нэрлэдэг. Заавал байх нэг үндэсний хоол бол “мочи” хэмээх чанасан цагаан будааны багсармал нухаш, мөн түүнийг хийсэн “зоони” нэртэй шөл байдаг. Шинэ жилийн урьд битүүний орой ерөнхийдөө энгийндүү байдлаар хоолож,”соба” хэмээх урт гоймон, мөн далайн хавчийг иддэг бөгөөд тэдгээр нь урт насалж олон олон он жилүүдийг элээн өнгөрүүлэх, ялангуяа тахир хэлбэртэй хавч нь хүний нуруу нь бөгтөр болтлоо эрт удаан наслахын бэлэгдэл болдог ажээ. Цагаан сараар хот газрын хүмүүс хөдөө нутаг, төрөлх хот, тосгондоо аав ээж, ах дүү нартаа очиж шинэ жилийн баярыг хамтдаа тэмдэглэхээр явцгаадаг байна. Тийм учраас тэр үед японы зам тээвэрийн сүлжээ асар их ачаалалтай болдог бөгөөд хаана, ямар буудал замд зорчигч хүмүүс ихтэй, хөдөлгөөн сааталтай байгааг радио телевизээр байнга мэдээлж байдаг юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment