Музей Япон бол төрөл бүрийн музейгээр баялаг орон юм. Мжзей нь дотроо нийтлэг музей, орон нутгийн музей, урлагын музей, түүхийн музей, шинжэх ухаан ба техникийн музей, усны (загасны) музей, зоопарк, ботаник цэцэрлэг гэх мэт олон төрөлтөй байна. Хамгийн олон тоотой нь түүхийн музей байна. Олон мянган түүх, соёл, урлагын үзмэр бүхий 6-7 үндэсний томоохон музей байдаг. Хамгийн том нь Токиогийн үндэсний музей юм. Мөн Кётогийн үндэсний музей бас эндэхийн орчин үеийн урлагын үндэсний музей, Нара хотын үндэсний музей зэрэг нь хамгийн алдартай байдаг гэнэ. Тус оронд үндэсний соёлын сан нь дотроо үндэсний үнэт зүйлсийн сан болон соёлын чухал өв гэсэн хоёр ангилалтай байдаг гэнэ. Үндэсний соёлын үнэт зүйлсэд уран зураг, баримал, гар урлалын бүтээл, сонгодог зохиол, эртний уран зохиолын ном, каллиграфи буюу бийрийн хичээнгүй бичиг, археологийн олдвор, түүхийн эд зүйлс, түүх,соёл, уран барилгын дүрслэлт байшин барилга ордог. Хамгийн олон тоотой нь урлагын бүтээл, эртний ном судар, барилга байгууламж байдаг ажээ. Тус оронд Соёлын хэрэг эрхлэх газар гэж байна. Японы үндэсний соёлын сан өөртөө хадгалаж байдаг зүйлсээс гадна соёлын чухал өвд бүртгэгдсэн эд зүйлсийг бас хамаардаг ажээ. Гэхдээ тэрхүү соёлын чухал өвд бүртгэгдсэн бүтээл эд зүйлс нь сүм хийд, компани, хувь хүмүүс, улс, бусад газарт өвлөгдөн хадгалагдаж байдаг гэнэ.
Японы кино урлаг нь үзвэрийн хувьд тун чиг буурангуй талдаа байдаг ажээ. Хамгийн их орлоготой үндэсний болон гадаадын киног жил бүр тодорхойлдог ажээ. Японы үндэсний театрын эртний уламжлалт урлаг бол “Ноо” хэмээх багт бүжгийн жүжиг, Кабуки жүжгийн театр гэж байна. Ноо урлаг нь жүжигчидийн хөдөлгөөн, хүүрнэл хөгжимийн ая хосолсон байдал, далдын уур амьсгалыг агуулсан гойд онцгой талтай байдаг ажээ. Зөвхөн Ноо дуулалт бүжигт зориулагдсан ном байдаг бөгөөд түүнийг дууны ном хэмээн нэрлэдэг байна. Тэр нь хүүрнэл дуутай бөгөөд найрал дуучид,хөгжимчид,бүжигчид зэрэг янз бүрийн үүрэгтэй жүжигчид оролцон тоглодог байна. Эдүгээ 200 орчим Ноо жүжиг театрын тайзнаа тоглож байдаг бөгөөд тэдгээрийг бурхан сахиус,буг чөтгөрийн тухай жүжиг гэх мэтээр сэдвийн хувьд таван бүлэгт хуваан үздэг ажээ. Ноо жүжиг бол анх 14-р зууны дунд үеэс шашны баяраас үүдэлтэй гэнэ. Эдүгээ хүртэл урлагын энэ төрлийг дэмжигчид нь Ноо жүжгийн театрыг нийтийн хүртээл болгосоор олны дунд нэр хүндтэй болгож байгаа нь японы ард түмэн уламжлалт урлаг соёлдоо сонирхол нь улам өсөн нэмэгдэж байгааг гэрчилж байна.
Эртний уламжлалт “Кабуки” театр бол японы сонгодог урлагийн төрөл бөгөөд “Эдо” хэмээх 1603 оноос 1867 он хүртэл үргэлжилсэн түүхэн үеийн нилээн эртхэн үед нь анх бий болжээ. Энэ нь Изумо хэмээх сүмийн Окуни гэдэг удган эмэгтэй анхлан “Кабуки” бүжгийг Кёотод тоглосноор үндэс нь тавигдсан гэж үздэг байна. Кабуки театрын урлаг өөрийн замналын явцад хэд хэдэн үе шатыг туулсаар өдий хүрчээ. Эхний үед Кабуки театрт эмэгтэйчүүдийн бүжиг,эмэгтэй жүжигчид тоглодог, дараа нь залуухан эрэгтэй жүжигчид, тэгээд настай эрэгтэйчүүд хүртэл тоглодог байжээ. 17-р зууны сүүлчээс эхлэх зохиолчид Кабуки театрын үе шат бүрт зохиол бүтэл туурвидаг, нэртэй том жүжигчид тоглодог болсон ажээ. Харин Мэйжи үе буюу 1868 оноос хойш кабуки тетарт онцын өөрчлөлт ороогүй, хэлбэр агуулга нь хадгалагдсан хэвээр эдүгээ хүрсэн гэнэ. Кабуки театрт эмэгтэйчүүдийн дүрд эрэгтэй жүжигчид тоглодог онцлогтой болсон байна. Энэ нь гадаадын хүмүүст сонирхолтой санагдаж болох юм. Жишээ нь эдүгээ Бандо Тамасабуро бол эмэгтэй дүрд тоглодог хамгийн алдартай хүн болжээ. Кабуки театрынхан гол төлөв үе удам залгамжилсан байдаг бөгөөд жүжигчин хүүхнүүд бол маш багаасаа тун хатуу ширүүн сургууль давтлагыг даван туулдаг ажээ. Кабуки театрын хамгийн чухал зүйл бол түүний зохиолыг бичих, бэлтгэх явдал байдаг. Кабуки театрын үе шат бүрд нэр цууд гарч алдаршсан олон зохиолчдыг эдүгээ ард нийтээр сайн мэдэж, дурсан үгүйлж байдаг нь үндэсний соёл, уламжлалын бахархалын нэгэн илрэл юм. Өнөө цаг үед Токио, Киото хотуудын кабуки театр байнга дүүрэн үзэгчидтэй байдаг гэнэ. Хэдийгээр эртний сэдэвтэй, мөн эртний япон хэлээр жүжгийн үйл явдлыг илэрхийлдэг учраас ойлгоход тийм ч амаргүй хэмээн япончууд хүртэл өөрсдөө ярилцдаг энэхүү уламжлалт сонгодог урлаг олон түмэнд бахархал болон үнэлэгдсээр буйн тод нотолгоо юм. Кабукигийн театрын гол сэдэв нь дайн байлдаан, шүүх хэргийн үйл явдал байдаг гэнэ. Кабуки театрын урлаг бол Осака- Киото хавийн бүс нутагт дэлгэрсэн уламжлалтай байдаг ажээ.
Түүнчлэн Японы “бунраку” хэмээх уламжлалт хүүхэлдэйн театр мөн “бүёо” гэдэг бүжгийн жүжиг, хошин шог эстрадын “ёсэ” театр гээд эртний уламжлалтай урлагийн төрөл зүйлс олон байдаг ажээ. Японы хүүхэлдэйн театр бол бүүр 14-р зууны үед үүссэн, 17-р зууны Эдо үед Осака, Киото нутагт их алдаршсан байжээ. Осакагийн Бүнраку-за театраас уг урлагийн бүнраку гэдэг нэр үүссэн гэж үздэг байна. Бүнраку хүүхэлдэйн өндөр нь 1-1.5м 10кг жинтэй, гол удирдаг тоглуулагч хүн толгойг нь, хоёр туслах тоглуулагч нар хөл гарыг нь хөдөлгөөнд оруулан залж тоглуулдаг ажээ. Японд хүүхэлдэйн урлагийг маш өндрөөр үнэлж “Бүнраку” буюу хүүхэлдэйн урлаг нь орчин үед, оюуны соёлын чухал үнэт зүйлс, хүүхэлдэйн зарим алдартай жүжигчдийг тэрхүү соёлын үнэт зүйлсийг амьдруулагч хэмээн тодорхойлдог байна.
За тэгээд дээр дурдсан урлагийн бусад төрөл болон цэцэг хийх, цуглах, цайны ёслол, бийрийн уран бичлэг, Икиё хэмээх үйл явдал, ахуйн өнгөт зураг, шавар ваарны болон маажиндсан модог эдлэл зэрэг ардын уламжлалт уран бүтээл, зан үйлийн талаар тоочин бичихийг түдгэлзэн нэрсийг нь дурсах төдийгөөр өндөрлөе юү хэмээн бодном.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment